Та өөрийн олж авсан мэдлэг чадвараа батжуулан, туршлага, амжилт, ололтыг бүтээж банкны салбарт үнэ цэнэтэй чадварлаг банкир болохыг хүсч байвал Тээвэр хөгжлийн банкны гэр бүлийн гишүүнд нэгдээрэй.
Тээвэр хөгжлийн банкны гэр бүлийн гишүүн болсноор танд дараах боломжууд нээлттэй байна.
Хамт олон, таатай орчин
- Том зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүллээр нэгдсэн, ихийг хийж бүтээх урам зоригоор дүүрэн чадварлаг банкирууд, манлайлагч залуучуудын нэгдэл Тээвэр хөгжлийн банкныхан бид таныг найрсагаар угтан авах бөгөөд ТАНД бидэнтэй гар нийлэн цаашид хөгжин, дэвших бүрэн боломж байна.
- Орчин үеийн хэв шинжийг агуулсан тохилог, тав тухтай, ажил хэргээ явуулахад шаардагдах бүхий л боломжоор хангагдсан таатай орчин таныг хүлээж байна.
- Та өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан уян хатан ажлын цагаас сонгон ажиллах боломжтой.
Цалин, урамшуулал, тэтгэмж
- Бид ажилтныхаа ур чадвар, туршлага, албан тушаалын зэрэглэл, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан банк санхүүгийн салбартаа өрсөлдөхүйц цалин хөлсний уян хатан бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд таны ажлын бүтээмж, гүйцэтгэлийг шударгаар үнэлэн урамшууллыг олгодог.
- Ажлын амжилтаараа бусдыгаа манлайлсан ажилтнуудаа үнэлэн, дотооддоо шилдэг ажилтнаа тодруулж, мөнгөн болон мөнгөн бус шагналаар шагнаж урамшуулахаас гадна төрийн дээд, Монголбанкны, салбар яамдын, Монголын банкны холбооны, Монголын залуучуудын холбооны зүгээс Тээвэр хөгжлийн банкны ажилтнуудыг төрийн болон харъяа салбарын шагнал, цол, тэмдэгээр шагнан урамшуулдаг.
- Тээвэр хөгжлийн банкны зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч дараах төрлийн мөнгөн болон мөнгөн бус тэтгэмж, дэмжлэгийг үзүүлдэг.
Үүнд:
-
- Амаржсаны /шинэ хүүхэдтэй болсон ажилтанд/
- Өвчний /удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн тохиолдолд/
- Ар гэрийн гачигдлын /ойрын төрлийн хамаатан нь нас барсан тохиолдолд/
- Тэтгэврийн /тэтгэвэрээ тогтоолгож буй ажилтанд/
- Амь насны /ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ болон бусад үед нас барсан тохиолдолд/
- Гэрлэх ёслолоо тэмдэглэж буй ажилтны
- Эхнэр нь амаржсан эрэгтэй ажилтны
- Сургалтын /Сурч, хөгжил эрмэлзлэлийг дэмжих/
Нийгмийн асуудлыг нь дэмжих
- Тээвэр хөгжлийн банк нь жил бүрийн шинэ жил, олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан гэр бүл, хүүхдүүдэд нь зориулан бэлэг гардуулдаг уламжлалтай.
- Ажлын онцлогоос нь шалтгаалан ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор мэргэжлийн бариа засалчдыг тогтмол ажиллуулан тохилог, зориулалтын өрөөнд бариа заслын үйлчилгээг үзүүлдэг.
- Ажилтнуудаа аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр вакцинжуулалтад хамруулан, эрүүл мэндийн бүрэн оношлогоо, шинжилгээнд хамруулдаг.
- Ажилтан бүр санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүхий бага хүүтэй цалингийн зээл, зээлийн эрхтэй карт авах боломжтой.
Сургалт, хөгжил
- Шинээр ажилд орж буй ажилтанг чиглүүлэх болон дасан зохицох хөтөлбөрт хамруулан, ажлын байранд нь чиглүүлэгчтэйгээр дадлагажих хугацаанд нь сурган, хөгжүүлдэг.
- Ажилтнуудаа гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх танхимын болон онлайн сургалтуудад тогтмол хамруулж, гадаадад болон Монгол Улсад болж буй конференс, форумд оролцох боломжоор бүрэн хангадаг.
- Карьер төлөвлөлтийн бодлогын дагуу ахлах болон удирдах ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн, хөгжүүлэхэд анхаарч улирал тутамд сургалтад хамруулж, хагас жил тутамд “Удирдах ажилтны манлайллын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, амжилт, ололтоо хэлэлцэн дүгнэж, стратегиа тодорхойлохоос гадна олны танил, эрхэм хүндтэй илтгэгч нарыг урин уулзуулж онол, практикийн хосолсон мэдлэг олгохыг зорьдог.
Олон нийтийн үйл ажиллагаа
ССУЭМХороо
- Банкны ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн “Спорт, соёл урлаг, эрүүл мэндийн хороо” нь жилийн туршид спорт болон тэмдэглэлт баярын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, сайн үйлсийн аян, хандивын арга хэмжээнд хамт олноо идэвхитэй уриалан оролцож, хамтын эв нэгдэл, багаар ажиллах чадварыг сайжруулах, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрийг оруулдаг. Тухайлбал: Сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, явган аялал зэрэг олон төрөлт спортын наадмыг, Шинэ жил, Талархалын өдөрлөг, Хүүхдийн баяр, Эмэгтэйчүүдийн баяр, Цасны баяр зэрэг тэмдэглэлт баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулдаг.
Төрсөн өдрийн баяр
- Тээвэр хөгжлийн банкны гэр бүлийн гишүүн болсноор та төрсөн өдрөөрөө зөвхөн танд зориулсан гарын бэлгийг хүлээн авахаас гадна цалинтай чөлөө авах боломжтой. “Спорт, соёл урлаг, эрүүл мэндийн хороо”-ны зүгээс төрсөн өдрийн баярт чухал ач холбогдол өгөн сар бүр тусгайлсан арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд арга хэмжээнд ажилтан бүрийн өдөр тутамд, амьдралын хэв маягт хэрэг болохуйц зөвлөгөө өгөх эрхэмийг урин сургалт, лекцийг хийж ажилтнуудтайгаа сонирхолтой яриаг өрнүүлдэг.
Ажлын байрны сонгон шалгаруулалт /ажилд орох үе шатууд, процесс/
Ажилтан сонгон шалгаруулахад баримтлах зарчим
- Шударга, ил тод байх;
- Хувийн үзэмж, үнэлэмжээр хандахгүй, удирдлага болон хамтран ажиллагсдын нөлөөлөлд автахгүй байх;
- Ажлын байрыг нээлттэй зарлах ба дотоод, гадаад эх үүсвэрээс өрсөлдөх боломжийг хангах;
- Өөрийгөө илэрхийлэх, таниулахад бодит боломжийг олгох.
‘’Шинэ төгсөгч-Анхны ажил’’ оюутны дадлага /3, 4-р курсын оюутнууд дадлагажин, ажилд орох боломжийн талаар/
Тээвэр хөгжлийн банк нь оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцуулах, ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор тухайн оюутны болон сургуулийн албан ёсны хүсэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжийг олгодог. Хүний нөөцийн хэлтсээс дадлагын оюутныг доорх шаардлагын дагуу сонгон шалгаруулна.
ДАДЛАГЫН ОЮУТАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан байх;
- Сурлагын голч дүн 3 буюу түүнээс дээш;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой;
- Зөв хандлагатай.
ДАДЛАГА ХИЙХ ОЮУТНЫ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД:
Харъяа газрын удирдах ажилтан тухайн оюутныг дадлага хийхийг зөвшөөрснөөр дадлагын оюутан дараах баримт бичгийг бүрдүүлэн Хүний нөөцийн хэлтэст хүргүүлнэ. Үүнд:
- Оюутны суралцдаг их, дээд сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолтын бичиг;
- Оюутны дадлага хийх удирдамж;
- Дадлага хийхийг хүссэн оюутны өргөдөл;
- Тээвэр хөгжлийн банкны анкетыг бүрэн бөглөх;
- Сурлагын дүнгийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;
- 1 хувь цээж зураг.
Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ Тээвэр хөгжлийн банкнаас ажлын санал хүлээн авах боломжтой.
Танд амжилт хүсье.
Та ажилд орох хүсэлтээ онлайн анкет бөглөх цэсээр орж ирүүлэхээс гадна hr@transbank.mn хаягаар болон манай банкны төв байранд ирж өгөх боломжтой.
# | НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР | ХААЛТЫН ОГНОО | СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ | # |
---|---|---|---|---|
1 | Хуульч, хуулийн мэргэжилтэн | 2022-05-13 | Анкет хүлээн авч байна |